22 жилийн ойн Мэндчилгээ

Хар тамхи Мансууруулах Бодисоос Иргэдийг Хамгаалах нийгэмлэг байгуулагдсаны 22 жилийн ойн баярын мэндийг  хүргэж эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ХТМБИХН байгуулагдсанаас  хойш эдүгээ 22 жилийн турш иргэдэд хар тамхи, мансууруулах бодисын  хор нөлөөг тайлбарлан таниулах, хорт зуршлаас сэргийлэх мэдлэг олгох,  сургалт семинар зохиох, хор хөнөөлийг бууруулахад чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох  зэргээр өөрийн орны болон гадаадын орнуудын ижил төстэй байгууллагуудтай харилцаатай ажиллаж, туршлага хуримтлуулахын зэрэгцээ иргэний нийгэмд тодорхой хувь нэмэр оруулсан томоохон төрийн бус байгууллага болж чадлаа.  Бидний  гүйцэтгэж байгаа үйл ажиллагаа улам өргөжин тэлж байгааг тэмдэглэн хэлэхэд нэн таатай байна. 

Мөн өсвөр үеийн дунд архи, тамхи, мансууруулах бодис ямар их хор уршигтай талаар ухуулга, сурталчилгаа хийхийн зэрэгцээ, үе тэнгийн сургагч багш бэлтгэх сургалт семинарыг төрийн болон Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ-ийн хөтөлбөрийн хүрээнд хамтран зохион явуулж байна. Энэхүү үйл ажиллагаа нь өсвөр үеийг аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх мэдлэг эзэмшүүлэхэд асар их ач холбогдолтой юм.

Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг хүмүүс манай байгууллагад хандаж,  Ш.Лхагвасүрэн доктор, профессортой уулзаж түүний чин сэтгэлийн зөвлөлгөөг сонсон тайвшрал авч, сэтгэл санаа нь өөдрөг болж байгааг харахад   хийж буй ажилдаа гаршсан нь харагддаг. Өөрийн оюун бодолдоо хөтлөгдөн нийгмийн сайн сайхны төлөө шавилхан биедээ ахадсан хүнд сэдвийг сонгож, бэрхшээлээс шантралгүй ажилласаар 22 жилийн хугацаанд өөрийн эгнээндээ 23 ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг  төрийн бус байгууллагуудыг нэгтгэж Хор хөнөөлийг бууруулах сүлжээ төв байгуулсан.

Миний бие УЗД, тэргүүний  ажлыг хүлээж аваад удаагүй байгаа боловч,  эмзэг бүлгийн хүмүүстэй ажиллаж тэдэнд амьдрах эрч хүч өгөхийн төлөө ариун үйлстэн,  судлаач, сурган хүмүүжүүлэгч, ахмад багш, доктор, профессор Ш.Лхагвасүрэнтай хамтран ажиллаж байгаадаа баяртай байгаагийн зэрэгцээ нийгмийн сайн сайхны төлөө их зүйл хийх ёстойг ухамсарлаж байна. 

Нийгмийн шилжилтийн эгзэгтэй үед ард олны амьжиргаа, ажилгүйдэл, ядуурал, стресс хүчин зүйлийн нөлөө, архидалт, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн оролдлого, элдэв бусармаг үйл ажиллагаа газар авснаас сүүлийн үед мансууруулах бодис хэрэглэх, донтох, хар тамхины төрлийн ургамал  зөөвөрлөх гэмт хэргийн шинжтэй үйл хэрэгт оролцогчдын тоо нэмэгдэх хандлагатай болж байгаа нь  цөөн хүн амтай манай орны хувьд нэн аюултай эмзэглүүштэй зүйл. Энэ нь хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх үйл хэрэг төрийн бодлогоор зохицуулах хэмжээнд хүрснийг харуулж байна.

Бидний үйл ажиллагаанд тусалдаг төр захиргааны болон  хамтарч ажилладаг байгууллага, хувь хүмүүс, дэмжигчид, үе тэнгийн сургагчид нартаа ХТМБИХНийгэмлэгийнхээ 22 жилийн ойг тохиолдуулан  талархал илэрхийлье.

Сайн үйлс бүхэн дэлгэрч, улс орон маань хөгжин дэвжих болтугай. 
Тэргүүн  Ж.Дагиймаа


Эрхэм найзууд аа!
Эрхэмсэг хатагтай, ноёд оо!

Манай байгууллагын хамт олон,биднийг дэмжин хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүст баярласан талархсанаа илэрхийлэхийн ялдамд баярын мэндчилгээ дэвшүүлж та бүхэндээ  аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе

Миний бие  1998 онд Бээжин-Улаанбаатарын чиглэлийн вагонд явж байгаад хар тамхи хэрэглэдэг охинтой 22 жилийн  өмнө тааралдсан юм.  Надад монголд хар тамхи орж ирвэл цөөн хүн амтай манай улс  яанаа гэсэн бодол төрсөн юм. 

1999 оны 4 сард Ш.Лхагвасүрэн  миний бие, Б.Нямбаяр,А.Цэцэгмаа нартай хамтран байгуулж, тэргүүнээр нь ажиллаж өөрийн 2 өрөө байраа зарж, мансууруулах бодисын эсрэг тэмцэх үйл ажиллагаагаа эхэлсэн. 

Өнгөрсөн 22 жилийн хугацаанд бидний өдөр тутмын үйл ажиллагааны алхам бүрт янз бүрийн бэрхшээл тулгарч байсан ч бид эдгээр бэрхшээлийг даван туулж чадсаны ачаар одоо мансууруулах бодисын Хор хөнөөлийг бууруулах сүлжээ төв болж 23 төрийн бус байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн том сүлжээ төв/баг/ болж, үйл ажиллагаа маань өргөжиж байна.  

Манай байгууллага иргэдийг хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төрийн болон төрийн бус байгуулгуудтай хамтран олон талын оролцоог ханган сургалт,сурталчилгаа,судалгаануудыг хийж багагүй туршлага хуримтлуулж ирлээ.  

Мөн хэрэглэгчдийг архи, тамхи болон хар тамхины хорт зуршлаас ангижруулах, хэрэглээг бууруулах, олон нийтийг ХДХВ/ДОХ/БЗДХ урьдчилан сэргийлэх, сайн дурын зөвөлгөө шинжилгээнд хамруулах, нэг удаагийн зүү тариурын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, бэлгэвч түгээх,МССМ тараах, ухуулга сурталчилгаа, сургалт  хийх зэрэг ажлуудыг байгуулагдсан үеэсээ эхлэн хэрэгжүүлж, хийж  ирлээ. 

Бид 22 жилийн хугацаанд  арав гаруй олон улсын болоод төрийн  байгууллагуудын санхүүгийн болон техникийн тусламжтайгаар урт, богино хэмжээний 50төсөл хэрэгжүүлж, хар тамхи мансууруулах бодисыг тарьж хэрэглэдэг 18 хүн, татаж хэрэглэдэг 35 хүн, мөс хэрэглэдэг 3 хүн, мөн архины хамааралтай  63 эмэгтэйчүүдийг, тамхины хамааралтай 300 хүнийг тус тус хорт зуршлаас нь ангижруулж чадсан юм. 

Тус нийгэмлэг хар тамхи, мансууруулах бодисын  хор хөнөөлийн талаар сургалт явуулж, ерөнхий боловсролын сургуулийн хими-биологийн багш нар болон нийгмийн ажилтан 1420 хүнийг сургагч багшаар,960 сурагчийг үе тэнгийн сургагчаар бэлтгэсэн. 

Өнөөдөр манай хамт олон 22 жилийн хугацаанд хийж бүтээсэн зүйлээ эргээд харахад амжилт бүтээлээр арвин, багагүй ур чадвар, эрч хүч, хөдөлмөр зүтгэл шаардсан 22 жилийг ардаа орхисон байна. 

Монгол орны нөхцөл байдалтай уялдуулан өсвөр үеийнхний дунд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээний байдал, тархалт, учир шалтгаан, нөлөө зэргийг судлах, хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, сургалт явуулах, мансууралтай тэмцэх, сэргийлэх зэрэг үндсэн арга  замыг эрэлхийлж шинэ хууль гарахад Үндэсний хороо байгуулаглахад,үндэсний хөтөлбөртэй болоход  төр засгийн бодлогод нөлөөлж чадлаа.  

Та бүхний ажил үйлсэд өндөр амжилт хүсье.
ХТМБИХН-ийн гүйцэтгэх захирал, академич, доктор, профессор Ш. Лхагвасүрэн


Comments

Popular posts from this blog

СБД, ЧД-ийн ЭМТ, өрхийн ЭМТ-ийн эмч, мэргэжилтэнүүдэд сургалт явагдлаа

СБД-ийн эмч нарын хүсэлтээр Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн эмч нарт сургалт явууллаа

2021.9-р сар. Дүүргийн болон өрхийн ЭМТ-ийн эмч нарт сургалт явуулна